МЗХ-НЫ ӨМНӨД БҮСИЙН ЧУУЛГАН БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2015-08-25 БАЯНХОНГОР
bayankhongor.aimag 238

МЗХ-НЫ ӨМНӨД БҮСИЙН ЧУУЛГАН БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

        Баянхонгор аймгийн Залуучуудын Холбоо, Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газар болон тус аймгийн Гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран Өмнөд бүсийн чуулганыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа. Өмнөд бүсийн буюу Баянхонгор, Өмнөгөвь, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны 100 гаруй залуус чуулга  уулзалтанд оролцсон юм.  

        2015 он бол Монголын Залуучуудын Холбооны хувьд түүхэн V их хурлаа хийсэн онцгой жил байсан. Тиймээс энэхүү хурлын ач холбогдол юу байв гэдгийг аймаг, орон нутгийн тэргүүлэгчид, аймгийн Залуучуудын холбооны жинхэнэ өмөг түшиг болсон залуустаа ойлгуулах, мөн залуучуудад тулгамдаж буй асуудлуудаар орон нутгийн залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, МЗХ-ны дүрэм, стратеги төлөвлөгөөг танилцуулах зорилгоор бүсийн чуулганыг зохион байгууллаа.

        Уг уулзалтанд оролцсон Өмнөд бүсийн зургаан аймгийн залуусын төлөөлөл хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, стратеги төлөвлөгөө хэрхэн боловсруулахыг суралцаж, залуусынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэн хоёр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.

        Түүнчлэн Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат чуулганы үндсэн илтгэлийг тавьж, МЗХ-ны V их хурлаар шинэчлэн батлагдсан дүрмийн утга агуулга болоод тус хурлын ач холбогдол үр дүнг залууст сонирхолтойгоор ойлгуулж “Энд яригдсан бүх зүйл дараагийн 4 жил бидний баримтлах гол жанжин шугам болж явах чиглэлүүд. Тиймээс цаашдаа  үүнийг мөрдлөг болгон ажиллах хэрэгтэй” гэдгийг санууллаа.

        Энэ үеэр залуус өөрсдийн санаа бодол, залууст тулгамдсан асуудлын талаар нээлттэй ярилцсан бөгөөд орон нутгийн залуусын хувьд орон сууц болоод ажлын байрны тал дээр хамгийн их бэрхшээлтэй байдаг гэдгийг онцолж байсан юм. Тиймээс аймаг бүрт залуучуудын бизнес эрхлэх нөхцөл боломжийг нээх, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн салбарыг орон нутагт байгуулах, мөн МЗХ-ны салбар Залуучуудын Хөдөө аж ахуйн корпораци, Орон сууцны корпораци болон байнгын хороодыг бүс нутаг, аймаг сумын хэмжээнд байгуулах талаар ч санал бодлоо солилцсон юм.

        Мөн чуулганд оролцсон аймгууд гар бөмбөг, стратеги төлөвлөгөө боловсруулах, хурууны тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдээр хоорондоо өрсөлдсөн бөгөөд бүхий л тэмцээнд бүх хүчээ дайчлан амжилттай оролцсон Архангай аймгийн залуус “Шилдэг аймаг”-аар тодорч, Шилжин явах цолын эзэн болж дараагийн бүсийн чуулганыг зохион байгуулахаар боллоо.

        Ийнхүү 5 аймгийн залуус нэгэн дор чуулж бие биенээсээ суралцаж, туршлага судлан, шинэ санаа авч, хоорондоо танилцан илүү нэгдмэл болж чуулганы үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн буцсан юм.

Сэтгэгдэл ачааллаж байна ..